My photo
Миний вэб логт зочилж буй танд баярлалаа.Танд энэ өдрийн мэнд хүргэе. Интернэт хэрэглэгчдэд өөрийн блогийг танилцуулж байна. Цаашид эрүүл мэндийн төлөө санаа сэтгэлээ зориулсан хэн бүхэнд хэрэгтэй мэдээллийг нийтэлж байх болно. Эрүүл мэнд мандтугай...

2011/12/16

Рентген шинжилгээ


Рентген туяа гэдэг нь 0.01-10 нанометрийн гэрлийн долгионы урттай цахилгаан соронзон туяаны нэг юм. Германы физикч Wilhelm Conrad Röntgen 1895 онд рентген туяаг анх нээж 1901 онд Физикийн салбарт Нобелийн шагнал хүртсэн бөгөөд өдгөө энэхүү туяа нь анагаахын ухааны оношлогоо болон судалгаа шинжилгээний салбарт түгээмэл хэрэглэгдэж байна. Бага хэмжээний рентген цацраг ашиглан хүний биеийн эрхтэнүүдийн бүтцийг тусгай хальсан дээр буулгадаг дүрс оношлогооны шинжилгээ юм. Рентген аппаратын нимгэн хальс хүний нуруун талд байрлах ба маш бага хэмжээний рентген цацраг дамжуулагч камер эсрэг талд нь байрлаж, хүний биед рентген цацраг нэвчүүлдэг. Хүний биеийн эдүүд бүр өөрийн нягтын ялгаанаас хамааран рентген цацрагийг харилцан адилгүй нэвтрүүлдэг.  Жишээлбэл: ясны эд рентген цацрагийг илүү их хэмжээгээр шингээдэг бол уушиг агаараар дүүргэгдсэн байдаг тул цацрагийг бага шингээж ихэнх нь уушгийг нэвтлэн гардаг.

 Рентген зураг дахь сүүдэр гэж юу вэ?
 Эд бүр хими болон физик чанараар өөр өөр байдаг тул рентген цацрагийг харилцан адилгүй шингээдэг. Уушиг, зүрх, гол судас ба яс зэрэг нь рентген зураг дээр ялгаатай харагддаг. Рентген аппаратын нимгэн хальс эдгээр харилцан адилгүй нэвчилтийг хүлээн авч сүүдрээр дүрслэн гаргадаг. Рентген зураг дахь цагаан сүүдэр нь нягт ихтэй, хатуу эдийг илтгэдэг (яс, зүрх) бол бараан сүүдэр нь агаар бүхий эдийг илтгэнэ (уушиг).
 Рентген шинжилгээ хэрхэн хийгдэх вэ?
Рентген зураг авахуулах гэж буй үйлчлүүлэгч өөрийн биед байгаа метал зүйлсийг авах хэрэгтэй. Үүнд хүзүү, энгэрийн зүүлт, төмөр, саатай  цамц зэрэг орно. Учир нь эдгээр зүйлс рентген цацрагийн нэвчилтийг хааж шинжилгээний хариу үнэн зөв,  тодорхой гарахад саад болно. Үйлчлүүлэгч амьсгалаа гүнзгий аван зураг авч дуусах хүртэл амьсгалаа түгжих шаардлагатай. Ингэснээр таны уушги хамгийн дээд хэмжээгээр агаараар дүүргэгдэж, эдүүдийн ялгаатай байдлыг илүү тодорхой болгож өгнө.
Рентген зургийг эгц болон хажуу гэсэн хоёр байрлалаар авч болно.
Мэргэжлийн дүрс оношлогооны технологич болон техникч зураг авах үед эмчид тусалж, авсны дараа зургийг бэлэн болгож эмч тайлбарлан уншихад бэлэн болгоно.
 Рентген зургийг хэрхэн тайлж унших вэ?
Радиологич (дүрс оношлогооны) эмч хальсан дээр буусан зургийг тайлж унших чадвартай мэргэжлийн эмч юм. Зургийг уншихдаа гэрэлт хавтанг ашиглах бөгөөд эмч сүүдэржилт, эрхтнүүдийн хооронд үүссэн өнцөг зэргийг нарийвчлан харж зургийг үнэлнэ. Орчин үед зураг унших шинэ арга дэлгэрч байгаа бөгөөд уг арга нь хальсан дээр зураг буулгахыг халж зургийг шууд комьпютерын дэлгэцээр харж дүгнэдэг болсон.
Мөн тухайн үйлчлүүлэгчийн өмнөх зургийг зэрэгцүүлэн харах боломжтой болсон нь өвчний явц, эмчилгээний үр дүнг хянах, эмч нар хоорондоо мэдээлэл солилцох зэрэг олон ашигтай боломжийг бий болгож байна.
 Рентген зураг хаана хийгддэг вэ?
Рентген шинжилгээ нь маш түгээмэл, өргөн тархсан, ач холбогдол өндөртэй шинжилгээ бөгөөд дүүргийн, аймгийн, клиникийн эмнэлэгүүд, яаралтай тусламжийн өрөө, радиологийн төвүүд  зэрэг олон газар хийдэг.
 Рентген шинжилгээний эрсдэлтэй тал юу вэ?
Маш бага хэмжэээний рентгэн цацраг ашигладаг (рентген цацраг хүний биеийн эдэд сөрөг нөлөөтэй). Гэхдээ бүх рентген шинжилгээний цацраг стандартаар тогтоогдсон байдаг ба олон улсын “Хүний эрүүл мэнд, үйлчилгээний төв” –н зааврыг даган ажилладаг байна.
Жирэмсэн ялангуяа жирэмсний эхний хагаст ургийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлэх боломжтой тул рентген шинжилгээ хийлгэж болохгүй. Хэрэв зайлшгүй тохиолдлоор хийлгэх болвол эмэгтэйн хэвлийн хэсэгт цацраг үл нэвтрүүлэгч хаалт тавьж шинжилгээ хийнэ.
 Рентген шинжилгээ хийлгэх шалтгаан
Энэхүү шинжилгээг хийлгэх маш олон шалтгаан байж болно. Ихэвчлэн амьсгалын замын эмгэгийн үед, амьсгал давчдах, ханиалгах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илрэхэд оношийг нарийвчлан тогтоох зорилгоор хийнэ. Зарим тохиолдолд хэвийн үед ч цээжний рентген шинжилгээг хяналтын журмаар хийж болдог.
Зарим нэг хагалгаанд орохын өмнө зүрх, уушгийг шинжлэх зорилгоор цээжний рентген шинжилгээ хийж болно. Үүнийг хагалгааны өмнөх рентген шинжилгээ гэж нэрлэдэг. Мөн гэмтлийг оношлох зорилгоор мөчдийн, нурууны ясны эсвэл гавал тархины рентген шинжилгээг хийдэг.
 Хэн рентген шинжилгээ дүгнэж болох вэ?
Ихэнх эмч нар рентген шинжилгээг дүгнэн унших чадвартай байдаг. Радиологич, дүрс оношлогоогоор мэргэшсэн  мэргэжилтэн, анхны тусламжын эмч, доторын эмч, хүүхдийн эмч, яаралтай тусламжийн эмч, мэдээ алдуулагч эмч, зүрхний эмч, уушгины эмч зэрэг олон эмч нар шинжилгээний хариуг дүгнэн унших чадвартай.
 Эрүүл хүний рентген зурагт юу харагдах вэ?
Хэвийн цээжний рентген зурагт хэвийн хэлбэр, хэмжээ бүхий цээжний хана, цээжний хөндий дэх эрхтнүүд харагддаг. Өмнө нь хэлсэнчлэн цагаан сүүдэр нь шингэн ба хатуу бүтцийг харуулж байдаг (хавирга, хэнхэрцэг, нугалам, зүрх, гол судас ба мөрний яс). Бараан сүүдэр нь агаараар дүүрсэн уушгийг харуулдаг.
 Цээжний рентген шинжилгээний зарим хэвийн бус үзүүлэлтүүд
Рентген шинжилгээ нь өвчний түүх, шинж тэмдэг, бодит үзлэг, бусад шинжилгээнүүдтэй хамт ашиглагдаж байж өвчнийг оношлодог. Зөвхөн рентген шинжилгээний дүгнэлт өвчнийг оношлоход хангалттай бус юм.
Цээжний рентген нь уушгинд илүүдэл шингэн хуримтлагдах (уушгины хаван), уушгины гадна шингэн хуримтлагдах, уушгины үрэвсэл, гуурсан хоолойн үрэвсэл, багтраа, хавдар зэрэг амьсгалын замын өвчнийг тодорхойлно.
Зүрхний гадуур шингэн хуримтлагдах (перикардит), зүрх томхор (кардиомегали), зүрхний дутагдал, зүрхний анатомийн гажиг байгаа эсэхийг тодорхойлдог.
Мөн ясны бүрэн бүтэн байдлыг харж болох бөгөөд ясны хугарал (эгэм, хавирга хугарах), нугалам ясны өөрчлөлт, ясны ургалт зэргийг харж болно.
 Цээжний рентген шинжилгээ товчхон
Цээжний рентген шинжилгээ нь уушгины ямар нэгэн эмгэг өөрчлөлтийг илрүүлдэг хамгийн өргөн тархсан түгээмэл шинжилгээ юм. Мөн зүрх, гол судас болоод ясны эмгэгүүдийг илрүүлэх боломжтой.
Шинжилгээ хийлгэхийн өмнө цээж ба хүзүүнд байгаа гоёл чимэглэлийн зүйлс, төмөр эдлэлийг авах шаардалагатай. Эдгээр нь цацрагийн нэвчилтэнд нөлөөлдөг.
Цээжний рентген шинжилгээ нь уушгины хаван, уушгины үрэвсэл, гуурсан хоолойн үрэвсэл, уйланхай, ургацаг, хавдар, багтраа, перикардит, зүрх томрох, зүрхний дутагдал ба бүтцийн өөрчлөлт зэрэг олон өвчнийг оношлоход чухал шаардлагтай.

1 comment:

  1. маш гоё мэдээлэл байна баярлалаа

    ReplyDelete