My photo
Миний вэб логт зочилж буй танд баярлалаа.Танд энэ өдрийн мэнд хүргэе. Интернэт хэрэглэгчдэд өөрийн блогийг танилцуулж байна. Цаашид эрүүл мэндийн төлөө санаа сэтгэлээ зориулсан хэн бүхэнд хэрэгтэй мэдээллийг нийтэлж байх болно. Эрүүл мэнд мандтугай...

2011/10/22

НЯРАЙН ХҮҮХДИЙН ОНЦЛОГ


Зулай
Хүүхдийн толгой дээр духны дээхэн талд дух, зулай ясны хооронд ясгүй зөвхөн арьсаар хучаастай байх бөгөөд түүнийг зулай гэнэ. Зулай нь эмзэг зөөлөн учраас хүүхдийн амьсгалын аясаар хонхолзоно. Хүүхэд нэг нас хүрэх үед зулай битүүрнэ. Зулай дээр дарж оролдсоны хэрэггүй.
Төрөхийн хавдар ба цус харвалт
Ургийн толгой төрөх замаар доошлох явцад толгойн зөөлөн эд дарагдсаны улмаас цусны урсгалд саад учирч толгойн орой, зулай орчмын хуйх хавагнана. Мөн нүд, зовхины орчмоор цус харваж болно. Хавдар, цус харвалт аяндаа шимэгдэж арилна.
Улаан толбо
Төрсний дараахан сайтар ажиглавал хүүхдийн нүүр толгойд жижиг улаан толбонууд ажиглагддаг. Заримдаа толбо нь нэлээд том хэмжээтэй байж болно. Эдгээр нь аяндаа арилж үгүй болно. Харин хацар, дагзны толбо нэлээд удаан хугацаанд байх боловч үсэн дотор байрлах учраас мөдхөн үзэгдэхгүй болно. Нярай хүүхдийн эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа болон дархлаа бүрэн гүйцэд хөгжөөгүй байдаг учир гадаад орчны бага зэргийн нөлөөнд амархан мэдрэмтгий, өвчлөмтгий байдаг. Иймд нярай хүүхдэд асаргаа сувилгааг зөв хийхийн тулд доорх зүйлсийг анхаарах нь чухал юм.
Нярайн хөхний өөрчлөлт
Охин, хүү алин ч бай тэдний хөх ялимгүй томорч, сүү маягийн бага хэмжээний цэхэр шингэн ялгарна. Охин хүүхдийн бэлэг эрхтнээс цусархаг болон цагаан өнгийн бага хэмжээний ялгадас гарч болно. Энэ нь төрөхөөс өмнө эхийн цусны даавар урагт нөлөөлсний ул мөр юм. Энэ үед сандарч тэвдэн ямар нэг эмчилгээ хийх гэсний хэрэггүй.
Нярайн шарлалт
Амаржсаны дараах өдрүүдэд нярайн арьс шарлах нь хэвийн үзэгдэл бөгөөд 10 хоногийн дараа арилна. Шарлалт гүн, удаан хугацаанд үргэлжилбэл эмчлэх шаардлагатай байдаг.
Унтах
Унтах төрх байдал хүүхэд бүрт харилцан адилгүй. Төрсний дараахан хүүхэд мээмээ хөхөхийн хооронд ихэнх цагийг унтаж өнгөрөөдөг. Хүүхэд  томрохын хирээр унтах цаг нь багасч сэрүүн байх хугацаа нь ихэснэ. Зарим хүүхэд илүү уйламтгай, зарим нь илүү унтамхай байдаг. Та аяндаа хүүхдээ хэдийд унтдаг зэргийг мэддэг болохоос гадна тэр үед нь хүүхдээ тайван унтуулах хэрэгтэй. Зарим хүүхэд бүлээн усанд оруулсны дараа сайн унтана. Хүүхэд унтахыг л хүсэж байвал тэр гэр бүлийхний ердийн чимээ шуугиан түүнд саад болохгүй. Тэр унтаж л байх болно. Хүүхдийг сэрээхгүйн тулд хэтэрхий чимээгүй нам гүн байх нь буруу. Тодорхой хэмжээний чимээ шуугиантай орчинд хүүхдээ унтуулж дасгах хэрэгтэй. Эхний 2 сард хүүхдийн толгойг хажуу тийш нь түрүүлэг нь харуулж хэвтүүлэх хэрэгтэй. Эсвэл аль нэг хажуугаар нь хэвтүүлбэл зохино. Ингэхэд хүүхэд өвчтөй байсан ч бүтэхгүй. Мөн хүүхэд бүтэхээс урьдчилан сэргийлж өдөн дэр хэрэглэхгүй байхыг зөвлөе.
Нярай хүүхэд юу хийх чадвартай вэ?
Хүүхэд төрөхдөө хөхөх, амтлах, амьсгалах рефлекстэй төрдөг. Эхийн хөхний товч хацар дээд уруулд шүргэмэгц тэр зүг эргэж амаа ангайж хөхний товчийг үмхөж авах, гарын алганд шүргэсэн зүйлийг атгаж авах зэрэг төрөлхийн рефлекстэй байдаг. Хэдэн сарын дараа нярай хүүхэд хөдөлгөөний байдлыг хянах чадвартай болно. Нярай хүүхэд бүх төрлийн мэдрэхүйн чадвартай байдаг. Тэд ойрхон буй хүн болон бусад зүйлийг ажиглан тогтоож харна. Гэрэл ойртуулах, шуугилдах ярих зэргийг харж сонсож мэдэрнэ. Тун удалгүй эхийнхээ үнэрийг мэдэрдэг болно.
Хөхөөр хооллолт
Эрүүл нярай хүүхэд төрсний дараа төрөлхийн мэдрэмжээрээ хоол хайж эхэлдэг. Амьдралын эхний 2 цагт хүүхэд сэргэлэн, идэвхтэй, хооллоход бэлэн байдаг. Эхийн нүцгэн цээжинд тавьсан хүүхэд хөх рүү тэмүүлэн хөхөө олох чадвартай. Хүүхдийг төрсний дараах амьдралын эхний 30 минутаас 1 цагийн дотор багтаан амлуулж дараа нь хүүхдийн хүссэн үед нь өдөр, шөнийн аль ч цагт, аль болох олон удаа, хүссэн хэмжээгээр нь хөхүүлнэ. Хүүхдээ сайн хөхүүлэхийн тулд хөхөө зөв амлуулах нь чухал. Хөхөө зөв амласныг дараах 4 шинж илтгэнэ. Үүнд:
1. Хүүхэд амаа том ангайсан
2. Доод уруул нь гадагш цорвойсон
3. Доод эрүү эхийн хөхөнд хүрсэн
4. Хөхний нөсөөт хэсгийн ихэнхийг үмхсэн ба дээд уруулын дээд талд нөсөөт хэсэг илүү харагдана.
Зөв амласан хүүхэд хөхөө сайн сорж, сүүгээ хангалттай авч чадна. Хүүхэд сайн хөхөх тусам сүү сайн ордог. Хөхөө буруу амласан хүүхэд цадтал хооллож чадахгүйгээс гадна эхийн хөхний толгой хагарах аюултай.
Нярай хүүхдийн тусгай тусламж
Шарлалт удаан үргэлжилж байгаа, дутуу төрсөн хүүхдүүдэд тусгай тусламж шаардана. Эдгээр хүүхдийг төрсний дараах нярай хүүхдэд зориулсан тусгай өрөөнд эмчилнэ. Заримыг нь эмчилгээг үргэлжлүүлэхийн тулд нярайн тусгай тасагт шилжүүлнэ. Тусгай тасаг сэхээн амьдруулахын болон оношлогооны олон аппаратуудтай байдаг. Юунд зориулсан ямар аппарат байгааг эх баригч, эмч нараас асуун мэдэж болно. Эмчилгээг хийлгэж байгаа нярай хүүхдийг хооллох асуудал нэн чухал байдаг. Хүүхдийн биеийн байдлыг хэвийн болмогц та хүүхдээ өөрөө хооллох болно. Гэхдээ эмнэлэгийн ажилтнуудаас тусламж авч болно. Зарим дутуу нярайг хамраар дамжуулан ходоодонд тавьсан тусгай гуурсаар хооллох шаардлагатай болдог. Дутуу хүүхэд эхийнхээ хөхийг хөхөх чадвар муутай байдаг учраас хөхөө саагаад саасан сүүгээр хүүхдийг хооллоно. Хүүхдийн хөхөх чадвар сэргэх үед та хэвийн байдлаар хүүхдээ хооллох болно. Дулааны зохицуулга бүхий тусгай инкубаторт жин багатай хүүхдийг сувилна. Гэсэн ч та хоёрын хэн ч гэсэн хүүхдийнхээ дэргэд байж түүнийг асрах ажилд оролцож болно. Инкубаторын хажуу нүхээр гараа оруулж хүүхдийнхээ биенд хүрч болно. Хүүхдийн өрөөнд орохдоо нөмрөг өмсөж, амны хаалт зүүсэн байх хэрэгтэй. Шарлалт ихтэй хүүхдийг тусгай гэрлээр шарж эмчилнэ. Энэ үед хүүхдийг нүцгэлээд хурц гэрлийн дор тавина. Хүүхдийн нүдийг гэрлээс хамгаалж зөөлөн даавуугаар дарж боосон байна. Энэ эмчилгээг арьсны шарлалт багастал хэдэн өдөр үргэлжлүүлэн хийнэ. Шарлалт гүн байхад цус сэлгэж, юүлэх аргаар эмчилнэ.
Хүүхэдтэйгээ хамт байгаа үед өрөөнд нь гэрэл эмчилгээг хийнэ. Таны орон дээр ч хийж болно. Энэ үед эмчилгээний явцыг харж хүүхэдтэйгээ ярьж, түүний биенд хүрэх зэргээр чөлөөтөй байх бололцоотой. Мөн хийж байгаа эмчилгээний тухай эмчээс лавлан асууж ярилцах хэрэгтэй. Ингэснээр хийж буй эмчилгээний учрыг олох, хэрэглэж буй аппаратын ач холбогдлыг мэдэхэд тань тус болно.
Уйлах
Ямар ч шалтгаангүйгээр хүүхэд уйлах нь ховор. Хүүхэд уйлна гэдэг нь өөрт тохиолдож буй ямар нэг зүйлийн тухай хэлж байна гэсэн үг. Гэхдээ хүүхэд бүр харилцан адилгүй шалтгааны улмаас уйлна. Бусдаас онцгой, хялбархан уйлдаг уйламхай хүүхэд ч байдаг. Хүүхдээ сайтар ажиглаж чадвал уйлалтаар нь түүний шалтгааныг мэдэж болно. Хүүхэд ихэвчлэн доорх шалтгаанаас болж уйлдаг. Үүнд:
* Өлссөн юмуу цангаснаас
* Даавуу нь норсноос
* Хэт бариу өлгийдсөнөөс эсвэл бие нь өвдсөнөөс
* Ядарснаас, унтаж чадаагүйгээс
* Ганцаардсаны улмаас бусадтай хамт байхыг хүссэнээс
* Тоглохыг хүсэж мөрөөдсөнөөс
* Халууцсан эсвэл даарснаас мөн бусад ямар нэг шалтгаанаар бие нь эвгүйрснээс
* Таны өөрийн чинь зан араншин сэтгэлийн таагүй байдлын нөлөөнөөс дээрх шалтгаануудыг бий болгохгүйн тулд хүүхэд амьдрах таатай нөхцлийн бүрдүүлэх ёстой.
Төрсний дараа дуу, мэдрэхүй, хувцас өлгий, угаалга мэтээр олон төрлийн шинэ орчин, ахуйд хүүхэд дасдаг. Энхрийлэн түүнтэй ярих, аяархан дуулах, бүүвэйлэх, өргөх, тэвэрч явах зэргээр хүүхдээ тайвшруулах нь чухал. Хүүхдийн тэргийг хөдөлгөн бүүвэйлэхэд хүүхэд уйлахаа болино. Хүүхдийг анхнаас нь чихэрлэг, амттай зүйлд дасгачихвал хожим нь тэр л амттанаа амсаж байж уйлахаа больдог. Элсэн чихэр ихээр хэрэглэвэл хүүхдийн шүдэнд муугаар нөлөөлнө. Та хэтэрхий ядарсан юмуу эсвэл бие өвчтөй байх үедээ хүүхэд уйлбал хөрш, найз нөхөд, нөхрийнхөө хэн нэгийг гуйж дор хаяж нэг цаг ч гэсэн хүүхдээ авахуулж саатуулах хэрэгтэй. Хүүхэд юунд ч саатахгүй уйлаад байвал эмчид үзүүлбэл зохино.
Хүүхдийн тоглоом
Хүүхдийн тэрэгний толгойн хэсэгт тод өнгөтөй бөмбөлгөн зөөлөн тоглоом хөндлөн хэцэлж татаж өгөх хэрэгтэй. Хүүхэд тод өнгийн зүйлийг ихэд сонирхдог. Ийм учраас тод өнгөтөй, олон янзын зүйлсийг харуулбал зохино. Эдгээр зүйлийг олон янзаар солих зүйтэй. Зарим үед дуу чимээ гаргагч гар хийцийн тоглоомын хайрцаг зэрэг зүйлийг хүүхэд ихэд сонирхоно. Дуу гарч буй зүйл руу хүүхэд харцаа хандуулсны дараа тойруулан хөдөлгөж дагуулан харуулах хэрэгтэй. Сонирхолтой олон зүйлсийг хүүхдийн тэргийг тойруулан тавиад түүнтэй аль болох ярилцаж байх нь чухал. Бусад олон дуу чимээний дотроос таны дуу хоолой хүүхдийн тань хувьд нэн чухал. Хүүхдийн тэргийг тойруулан олон зүйл тавьчихаад түүний тухай ярьж анхаарлыг нь хандуулахад хүүхдийн хөдөлгөөн сайжирна. Тэргэнд зүүсэн эдгээр зүйлсд хүрэх гэж хүүхэд хажуугаар хөрвөх, сарвагнах зэрэг хөдөлгөөн хийнэ.
Нуралт
Ихэнх хүүхдийн арьс цочирсоноос нуралт үүсдэг. Энэ үед арьс улайж шалбарч болно. Усанд оруулж хүүхдийн даавууг угааж цэвэрлэн олон дахин хуурайлах хэрэгтэй. Тэрчлэн суга цавьны арьсыг тусгай зориулалт бүхий тосоор тосолно. Өлгийдэлгүй задгай байлгах ашигтай. 5 мниутын турш хүүхдийг дэвсгэр дээр задгай хэвтүүлэхэд улайлт дороо багасахыг та ажиглаж болно. Хуурайлахад зориулсан хуурай цэвэр даавууг бэлнээр нөөцөлж хадгалсан байх шаардлагатай. Нуралт эдгэрэхгүй ихсээд байвал эмчдээ үзүүлээрэй.
Нярайн баас
Нярайн даавуун дээрх баасны төрх өдрөөс өдөрт өөрчлөгдөнө. Хүүхдийн баас нь ихэнхдээ өтгөн зунгааралдсан байхаас гадна янз бүрийн өнгөтэй байж болно. Төрсний дараах хэд хоногт хар ногоон өнгийн өтгөн зунгаг гарна. Энэ нь ураг умайд байх үедээ ургийн ус залгисны ул мөр юм. Сүүгээ хөхөж тэр нь ходоод гэдэсний замд боловсорч эхлэх үеэс баасны өнгө цайвар шар өнгөтэй болно. Хүүхдээ өдөрт хэдэн удаа баадаг вэ ? гэдгийг мэдэх нь чухал. Энэ нь хүүхэд бүрт харилцан адилгүй байдаг. Хөхөө хөхөх үед зарим хүүхдийн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн үүснэ. Гэтэл зарим хүүхдэд энэ нь үүсэхгүй. Ихэнх нярай хүүхэд баах үедээ дүлж, нүүр нь улайж уйлдаг. Энэ нь баас хатсаны шинж биш, түүнээс айх хэрэггүй.

No comments:

Post a Comment