My photo
Миний вэб логт зочилж буй танд баярлалаа.Танд энэ өдрийн мэнд хүргэе. Интернэт хэрэглэгчдэд өөрийн блогийг танилцуулж байна. Цаашид эрүүл мэндийн төлөө санаа сэтгэлээ зориулсан хэн бүхэнд хэрэгтэй мэдээллийг нийтэлж байх болно. Эрүүл мэнд мандтугай...

2011/10/22

Жирэмсний хордлого


Жирэмсний эрт үеийн хордлого
Жирэмсний эхний саруудад толгой эргэж, дотор муухайрах, бөөлжис цутгах, хоолонд дургүй болох, үнэрт мэдрэг болох, аманд юм амтагдах зэрэг шинжээр жирэмсний эрт үеийн хордлого илэрнэ. Эдгээр шинжүүд нь жирэмсний 4-16 долоо хоногуудад үргэлжилж, аяндаа алга болно. Гэхдээ хувь хүний бие махбодийн хувийн онцлогоос хамааран дээрх шинжүүд харилцан адилгүй илэрдэг. Зарим эмэгтэйчүүд төрөн төртлөө хордлогтой байдаг бол, зарим нь ямар ч хордлогогүй байж болно.
Энэ үед та ойр, ойрхон бага багаар хооллож, ажил амралтаа зохицуулах зэргээр зовиурыг багасгах хэрэгтэй. Хэрвээ хордлого хурц , хүнд хэлбэрээр явагдаж байвал та эмчид үзүүлээрэй.
Жирэмсний хожуу үеийн хордлого
Жирэмсний сүүлийн хагаст толгой өвдөх, шилэн хүзүүгээр хөших, нүд бүрэлзэх, аюулхай орчим өвдөх зэрэг нь цусны даралт ихэссэнтэй холбоотой бөгөөд, жирэмсний хожуу хордлогын шинжүүд юм.
Хэрэв танд
    Нүүр, гар, шилбээр хавагнах
    Толгой өвдөх, толгой эргэх
    Аюулхай орчим өвдөх
    Нүд бүрэлзэх
    Шилэн хүзүүгээр хөшиж өвдөх
Цусны даралт 140/100 мм-ээс ихсэх шинжүүд илэрвэл эмчид заавал үзүүлээрэй.
Даралт ихсэлт
Цусны даралт дунджаар 90/60-120/80 мм муб-ийн хооронд хэлбэлздэг. Үүнээс ихсэх эсвэл буурах нь эмгэг юм. Иймээс жирэмслэхээс өмнө даралт хэвийн бус байгаа бол эмчлүүлэх хэрэгтэй. Цусны даралт нь зүрх судас, бөөрний өвчин, дотоод шүүрлийн булчирхайн эмгэгээс болж ихсэх ба мөн сэтгэл санааны тавгүй байдалд орох, сэтгэл хөдлөл, нойргүй болох, ядрах зэрэг нь цусны даралт ихсэхэд нөлөөлнө.
Гар, хөл, нүүр хэвлийгээр хавагнах, шээс хөөсөрч гарах
Жирэмсний 20 долоо хоногоос хойш таны биеийн жин мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдсэнээс шилбээр бага зэрэг хавагнаж болно. Энэ нь таны болоод хүүхдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулахгүй ч хяналтын эмчдээ энэ тухай заавал хэлээрэй. Хэрэв жирэмсний сүүлийн хагаст шилбэнээс гадна, хөл, нүүр, гар хэвлийгээр хавагнах нь жирэмсний хожуу хордлогын шинж тэмдэг байдаг. Биеийн жин огцом буюу нэг 7 хоногт 1кг-аас иүү нэмэгдэх нь далд хавагнаж буйн шинж юм. Шээсэнд хэвийн хэмжээнээс илүү уураг илрэх нь мөн хожуу хордлогын шинж бөгөөд шээс хөөсөрч гарах шинж тэмдэгээр илэрнэ. Шээсний шинжилгээг өгөх  хэрэгтэй.
Таталт
Жирэмсний хожуу хордлогын хамгийн хүнд хэлбэр бөгөөд эхийн эндэгдлийн зонхилох шалтгааны нэг мөн. Цусны даралт ихсэлт, хаван, шээсэнд уураг илрэх шинжүүд мөн илэрнэ. Таталт өгөх нь жирэмсний 20 долоо хоногтойгоос хойш илрэх нь ноцтой хүндрэлийн нэг юм. Хэрвээ ямар нэг арга хэмжээ авахгүй бол даралт огцом ихсэх, толгой өвдөх, оюун ухаан сарних, нүдний хараа өөрчлөгдөх зэрэг шинжүүд илэрнэ.

No comments:

Post a Comment